2011-11-01
Гадаадад хэрхэн суралцах вэ?

Монгол улсын иргэд гадаадын их сургууль, коллежид дараах хэлбэрээр суралцах боломжтой. Үүнд:

1. Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгээр буюу хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу
2. Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгээр буюу Сургалтын төрийн сангийн зээлээр
3. Хувийн зардлаар.

Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгээр суралцах хүмүүсийг хоёр талын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлийн дагуу сонгон шалгаруулж элсүүлдэг. Энэ шугамаар жил бүр гадаадын 14 оронд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан суралцуулахаар илгээж байна. 2005 оны 12 дугаар сарын байдлаар гадаадын 14 оронд манай нийт 1486 оюутан бакалаврын түвшний сургалтад, гадаадын 8 оронд манай нийт 237 магистрант, докторант 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус тус суралцаж байна. Ийнхүү суралцуулах оюутныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан "Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулдаг. Суралцах нөхцлийн хувьд орон орноос хамаарч өөр байдгийг анхаарах хэрэгтэй.

Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгээр өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад явуулах ажил 1997 оноос эхэлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдах хүмүүсийг сонгон шалгаруулахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан “Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулдаг. 1997 оноос хойш нийт 32 оронд 929 магистрант, докторант Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцсан байна. Энэ магистрант, докторантуудын дийлэнх нь АНУ, ХБНГУ, Англи, Япон, ОХУ, Австрали улсын их, дээд сургуульд эдийн засаг, санхүү, удирдлага, боловсрол, инженер, технологи, эрүүл мэнд, хууль, байгалийн ухаан, мэдээлэл зүйн чиглэлээр суралцсан байна.

Суралцуулах орон, мэргэжлийн чиглэл, хүний тоо, бүрдүүлэх бичиг баримт, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг жил бүрийн эхний хагас жилд багтаан шалгалт эхлэхээс 10-14 хоногийн өмнө “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” гэх мэт өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарладаг. Шалгалтын тухай зарлалыг мөн яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хусэгчдэд” зориулсан булангаас унших болон хэвлэн авч болно. Иймд гадаадад суралцах боломжийг эрэлхийлж байгаа оюутан, залуусдаа 7 хоног бүр яамны веб хаяг руу орж, мэдээлэл авч байхыг зөвлөж байна. Сонгон шалгаруулалт голдуу 1-6 сарын хооронд явагдаж байна.

Гадаадад суралцуулах мэргэжлийн чиглэлийг тогтоохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, яамд, агентлаг, тусгай газрууд, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудаас ирүүлсэн мэргэжлийн чиглэл, улсын нэр, хяналтын тооны захиалга, Засгийг газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, үндэсний болон дэд, дэмжих хөтөлбөрүүд, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдал зэргийг харгалздаг.

2006-2007 оны хичээлийн жилийн байдлаар ОХУ-д 140, Унгарт 5 (үүнээс 2 нь бүрэн тэтгэлэгтэй), Польшид 10, Энэтхэгт 15, Туркэд 40 (хэлбэлздэг), Болгарт 1, Вьетнамд 5 (хэлбэлздэг), Украинд 7, БНХАУ-д 123 (үүнээс 100 нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд), Солонгост 3, Японд 35 (хэлбэлздэг), Кубад 3 (хэлбэлздэг), Чехэд 5 (хэлбэлздэг), Казахстанд 4 хүнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын төвшний сургалтад тус тус хамруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл нийт 14 оронд 396 хүнийг бакалаврын төвшинд суралцуулахаар байна.

Харин магистрын түвшинд 2006-2007 оны хичээлийн жилд Солонгост 3, Энэтхэгт 15, Туркэд 12, докторын төвшинд ОХУ-д 60, Чехэд 2, Украинд 2, Польшид 2, Туркэд 18 хүнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцуулахаар байна. Өөрөөр хэлбэл нийт 8 оронд 124 хүнийг магистр, докторын түвшинд суралцуулна.

Япон, Хятад, Энэтхэг улсад суралцах хүмүүсийн шалгалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд нь зохион байгуулж байгаа. Иймд тодорхой мэдээллийг тухайн ЭСЯ-даас авч болно.

Хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын түвшинд суралцах хүсэлтэй хүмүүсийг дээр дурдсан "Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулж байна.

Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтад магадлан итгэмжлэгдсэн, төрийн болон төрийн бус өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн 1-2 дугаар ангид 3-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг сургуулийн тодорхойлолтыг үндэслэн сурч байгаа мэргэжлийн чиглэлээр нь оруулж байгаа. Мөн гадаадад нэг хичээлийн жилээс багагүй хугацаагаар хэлний бэлтгэлд суралцаж төгссөн хүнийг шалгалтад оруулдаг. Харин хувиараа үндсэн сургалтад хамрагдаж байгаа хүмүүсийг шалгалтад оруулдаггүй.

Шалгалтад оролцох хүмүүс доор дурдсан материалыг бүрдүүлж, зарлагдсан өдөр бүртгэх байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

а.1, 2 дугаар ангийн сурлагын дүнгийн үзүүлэлт
б. бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /нотариатаар
баталгаажуулсан/
в. шалгалтад орохыг зөвшөөрсөн сургуулийн захиргааны албан бичиг
/бүрэлдэхүүний сургуулиас шууд нэр дэвшигдсэн оюутны материалыг
хүлээж авахгүй/
г. иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /шалгалтын үеэр
авч ирэх/
д. 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг

Сургуулиуд шалгалтад орох өөрийн оюутны нэрсийг бүртгэл эхлэхээс өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан уралдаант шалгалтад оролцох хүмүүсийн тоог сургууль сургуулиар нь хязгаарлаж болно.

Бүртгэл нь шалгалт эхлэхээс 1-3 хоногийн өмнө дуусна. Зарлагдсан хугацаанаас хоцорсон оюутныг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг оюутнууд өөрсдөө хариуцдаг.

Бүртгүүлсэн оюутнууд нь мэргэжлийн суурь шалгалт буюу гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр өгнө. ОХУ, Украин, Казахстанд суралцах оюутнууд орос хэлний, бусад оронд суралцах оюутнууд англи хэлний шалгалтыг тестээр өгнө. Хоёр шалгалтад 50%-иас дээш амжилт үзүүлсэн байвал зохино. Мэргэжлийн суурь шалгалтын төрөл нь суралцах мэргэжлээсээ шалтгаалан өөр өөр байдаг (доорх хүснэгтээс харна уу).


 №  Суралцах мэргэжлийн чиглэл Авах шалгалт  
 1  Эдийн засаг, менежмент, физик, математик, компьютер, программ хангамж, инженер, инженер механик, инженер технологи, геодези, цаг уур, ус хангамж, электроник, эрх зүй, философи, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, социологи архитектор Математик
Англи эсвэл орос хэл  
 2  Малзүй, мал эмнэлэг, агрономи, биологи, биотехнологи, ой судлал, анагаах ухаан, хими, хими технологи, металлург,, арьс шир, хүнс, нийтийн хоол, материал судлал материалын технологи, хэвлэлийн технологи  1. Хими
2. Англи эсвэл орос хэл
 
 3  Түүх, газарзүй, улс төр, музей судлал, утга зохиол, сэтгүүл зүй, олон улсын харилцаа, орон судлал  1. Нийгмийн тухай мэдлэг
2. Англи хэл эсвэл орос хэл  
 4 Соёл урлаг, биеийн тамир, спорт, дизайн, дүрслэх урлаг, кино, театр, цирк 1. Мэргэжил
2. Англи хэл эсвэл орос хэл
 5  Бүх төрлийн гадаад хэлний орчуулагч   1. Монгол хэл
2. Англи хэл эсвэл орос хэл
 

Шаардлагатай тохиолдолд энэ шалгалтад тэнцсэн соёл, урлаг, спортын салбарын оюутнуудаас мэргэжлийн онцлогтой уялдан тусгай шалгалт авч болно.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу магистрантур, докторантурт суралцуулах сонгон шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторантурын шалгалтад бүртгүүлэх хүмүүс магистраас доошгүй/-аас доошгүй боловсролтой /сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй байна/, мэргэжлээрээ 2 ба түүнээс жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай, гадаадад суралцах хэлний бэлтгэлтэй хүмүүсийг оруулна.

Магистрантур, докторантурын шалгалтад оролцох хүмүүс доор дурдсан материалыг бүрдүүлж, зарлагдсан өдөр бүртгэх байранд ирж бүртгүүлнэ. Үүнд:

а. өргөдөл;
б. иргэний үнэмлэх /шалгалтын үеээр авч ирэх/;
в. 1 хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/;
г. хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн баримт;
д. эрүүл мэндийн бичиг;
е. албан газрын тодорхойлолт;
ж. нотариатаар баталгаажуулсан бакалаврын болон магистр /докторантурын
шалгалтад бүртгүүлэх хүмүүст хамаарна/-ын боловсрол эзэмшсэн тухай
дипломын хуулбар, дүнгийн жагсаалт;
з. өөрийн судалгааны ажлын тухай товч хураангуй /4-5 хуудас/;
и. эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /докторантурын шалгалтад
бүртгүүлэх хүмүүст хамаарна/.

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс нь тухайн салбарын эрдэмтэн, их сургууль, коллежийн профессор, багш нараас бүрдэнэ. Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг шалгуулагч өөрөө хариуцна.

Гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр, мэргэжлийн шалгалтыг ярилцлага хийх, реферат бичүүлж хамгаалуулах хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино. Мэргэжлийн болон хэлний шалгалтын доод босго оноо нь нийт онооны 60%-иас доошгуй байна.

Шалгалтын нийлбэр оноог баримтлан, мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд багтааж шалгаруулна.

Гадаадын аль нэг оронд суралцах шалгалтад тэнцэж хүлээн авах талд материал нь хүргэгдсэн хүмүүсийг дахин өөр оронд суралцуулах шалгалтад оруулахгүй.

Шалгалтад орохдоо материалаа хуурамчаар бүрдүүлэх, шалгалтын асуултыг хариулах буюу дүгнүүлэхдээ бусдын дэмжлэг авах, вариант солих, тусгай бэлтгэсэн материал, ном, хэвлэл хуулж ашиглах, бусдад туслах, шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулах зэрэг хуурч мэхлэхийг оролдсон болон тухайн үед эрх бүхий байгууллагаас тавьсан нэмэлт шаардлага, шалгалтын дэгийг биелүүлээгүй гэх мэт зөрчил гаргасан хүмүүсийг шалгалтаас шууд хасч сургууль, албан газарт нь мэдэгдэнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь шалгалтад тэнцсэн хүмүүсийн материалыг хүлээн авах талаас ирүүлсэн зааврын дагуу бүрдүүлэн хүргүүлж, суралцуулах асуудлыг шийдвэрлүүлнэ.

Шалгалтад тэнцсэн хүмүүсийг гадаадад суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч талаас ирүүлсэн урилга, суралцагчийн эрүүл мэндийн үзлэгийн магадлагааг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргана.

Суралцахаар шийдвэр гаргуулсан хүмүүс нь тухайн орны эрх бүхий байгууллагаас хуваарилсан их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах ба амьжиргааны тэтгэлэг авна. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.

Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт Сургалтын төрийн сангийн зээлээр суралцах хүмүүсийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын баталсан “Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулж байна.

Энэ журмын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам доор нэр дурдсан захиалагч байгууллагуудаас жил бүрийн нэгдүгээр сард багтаан тухайн салбарын тэргүүлэх чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, үндэсний болон дэд, дэмжих хөтөлбөрүүд, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдалтай уялдуулж, мэргэжлийн чиглэлийг тогтооно. Тогтоосон мэргэжлийн чиглэл, суралцуулах хүний тоо, олгох санхүүжилтийн хуваарийг яам жил бүрийн 3 дугаар сард багтаан доор дурдсан захиалагч байгууллагуудад хүргүүлнэ.

1. Ерөнхийлөгчийн Тамгын Газар
2. Их Хурлын Тамгын Газар
3. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар
4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
5. Сангийн яам
6. Хууль зүй, дотоод хэргийн яам
7. Гадаад хэргийн яам
8. Үйлдвэр, худалдааны яам
9. Байгаль орчны яам
10. Түлш, эрчим хүчний яам
11. Эрүүл мэндийн яам
12. Хүнс, хөдөө аж ахуйн яам
13. Зам тээвэр, аялал жуулчлалын яам
14. Барилга, хот байгуулалтын яам
15. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
16. Батлан хамгаалах яам
17. Улсын мэргэжлийн хяналтын газар
18. Гамшигаас хамгаалах ерөнхий газар
19. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар
20. Монгол банк
21. Дээд шүүх
22. Улсын Ерөнхий прокурорын газар
23. Үндэсний статистикийн газар

Захиалагч байгууллагууд тухайн жилийн 4 дүгээр сард багтаан өөрийн захиалгаар өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах мэргэжил, хүний тоо, сонгон шалгаруулах нөхцлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.

Шалгалтад оролцох хүмүүс нь зарлагдсан мэргэжлээр бакалавраас доошгүй боловсролтой (сурлагын голч дүн нь 3.5-аас доошгүй байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, олон улсын нэр хүндтэй их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хүмүүс байх ёстой. Энэ тэтгэлэгт хамруулах гадаадын их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд үндэслэн гаргаж, яамны вэб сайтын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан буланд байршуулна.

Дээрх шаардлагыг бүрэн хангасан шалгалтад оролцох хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, зарлагдсан хуваарийн дагуу холбогдох захиалагч байгууллагад бүртгүүлнэ:

а. өргөдөл (тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, ийнхүү суралцахад өөрийгөө бэлтгэсэн байдал болон яагаад өөрийгөө энэ тэтгэлэгт хамаарагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцаж төгсгөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн байна);
б. иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
в. сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 1 хувь өнгөт цээж зураг (3*4 хэмжээтэй);
г. энэ журмын 5-д заасан сургуулиас элсүүлсэн тухай албан захидал (тухайн сургуулиас захиалагчид хаяглан битүүмжлэн ирүүлсэн байх);
д. эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тухай баримт (тусгай маягтын дагуу);
е. ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан 2-3 байгууллагын болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх этгээдээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн захиалагчид ирүүлсэн байна);
ж. бакалаврын болон магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсрол эзэмшсэн тухай диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
з. өөрийн судалгааны ажлын тухай товч хураангуй (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);
и. эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторантурт суралцах хүмүүс
заавал бүрдүүлнэ).

Захиалагч байгууллага сонгон шалгаруулалтыг ил тод, шударга зохион байгуулж, тухайн захиалгат ажлын байрын шаардлагыг бүрэн хангаж буй хүмүүсийг шалгаруулна. Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг шалгалтад оролцогч өөрөө хариуцна.

Захиалагч байгууллага нь шалгалтад тэнцсэн хүмүүстэй хоёр талын гэрээ байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүрэг, гэрээний заалтууд зөрчигдсөн нөхцөлд хоёр талын хүлээх хариуцлагыг тодорхой тусгана.

Захиалагч байгууллага нь шалгалтад тэнцсэн хүмүүсийн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дүн, сайдын зөвлөлийн хурлын шийдвэр, гэрээний хамт 8 дугаар сарын 1-ний дотор БСШУЯ-нд ирүүлнэ. Тэтгэлэг олгох эцсийн шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн сайд гаргана.

Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” төслийн хүрээнд 2002 оноос хойш жил бүр 20 хүнийг Японы нэр хүнд бүхий их сургуулиудын магистрантурт голдуу мэдээллийн технологи, эдийн засаг, хууль, удирдлага, харилцааны чиглэлээр шалгаруулан суралцуулж байна. 2006 оны сонгон шалгаруулалтыг 8 сараас хойш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэй зарлана. Энэ тэтгэлэгт сургалтын талаарх нарийвчилсан мэдээллийг төслийн гүйцэтгэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны төв (JICE)-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газраас авч болно (утас: 327052, вэб сайт: http://www.jice.org/english/, хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 11-1, Болор Бизнес төв, 206 тоот, байршил: Баянгол зочид буудлын баруун хойно байрлах 3 давхар цагаан байшин).

Тус яамнаас зохион байгуулж буй дээр дурдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдээс гадна хувиараа болон бусад олон улсын бөгөөд олон нийтийн байгууллагуудын шугамаар олгогдож буй тэтгэлгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төв (EARC)-ийн вэб сайтаас авч болно (EARC-ийн утас 319016, вэб сайт: www.earcmn.org, хаяг: Улаанбаатар – 46, Соёлын төв өргөө цогцолбор, Хүүхдийн номын ордон, 1 давхар).

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax