2011-11-01
Монголын төрийн түүх
Тусгаар Улс байглуулахын төлөө тэмцэл ба автономи 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын хаад ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Жавзандамба хутагт, Халхын хан нар нэр хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны зэрэг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын төлөөлөгчдийг Орос улсын Гадаад явдлын яамны хэргийг түр эрхлэгч А.Нератов, Сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин, II Николай хаан хүлээн авч уулзжээ. Оросын засгийн газар манжаас тусгаарлахыг дэмжилгүй, "Шинэ засгийн бодлого"-ыг зогсооход Хятад Монголын хооронд зуучлах амлалт өгсөн байна. Тэр үед Бээжинд сууж байсан элчин Коростовец, Оросын Гадаад явдлын яамны Алс Дорнодын газрын дарга, Монголын талаарх бодлогод шийдвэрлэх үүрэгтэй байсан Ж.А. Козаковт хэд хэдэн чухал санаа хэлж нөлөөлөхийн зэрэгцээ, шинэ засгийн бодлогоо зогсоохыг хятадуудаас шаардаж байв.

Монголчууд мөн оныхоо арван хоёрдугаар сард Хүрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халаад 29-ны өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулав. Ийнхүү "монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" , Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө уйгагүй тэмцлээ. Манж Чин гүрний захиргаанд байсан монгол овогтнууд Хүрээний засгийн газарт нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж үзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул хойд хөрш Орос улсад найдахаас өөр зам үлдсэнгүй. Тиймээс хоёр том гүрний завсар тэсч үлдэхийн төлөө тэмцсэн монголын ард түмний түүх эдгээр орнуудын түүхтэй харилцан хамааралтай өрнөлөө. 1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотын манж жанжин, сайд нар бууж өгсөн ба Магсаржав гүн, Дамдинсүрэн гүн, Тогтох тайж, Хайсан гүн, Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргүүд хятад цэрэгтэй 3 сар гаруй тулалдаж, 1912 оны наймдугаар сарын 7-д Ховд хотыг бүрэн чөлөөлснөөр баруун хязгаарт манжийн засаг захиргааг устгасан байна. Гэвч Дундад Иргэн улс монголын хувьсгалыг дарахаар Ховд руу цэрэг хөдөлгөв. Орос улс 1912 оны 5 дугаар сарын 6,14,18-нд Гадаад яамандаа зохион байгуулсан яамдын уулзалт дээрээ монголын асуудлаар баримтлах гурван гол зарчмаа тодорхойлжээ. Эдгээр нь: 1-д Хятадын Бүгд найрамдах улсын сюзеренитет дор Богд хаантай автономит Гадаад монгол улсыг байгуулах, 2-д автономит Гадаад монголд хятад гурван онцгой баталгаа өгөх, тухайлбал Гадаад монголд цэрэг оруулахгүй байх, колоничлохгүй байх, хятадын засаг захиргаа байгуулахгүй байх, 3-д Орос нь Гадаад монголд эдийн засгийн онцгой эрх, сонирхол олж авах байв.

Дээрх зарчмыг тодорхойлоход Казаков, Нератов, Коростовец нар гол үүрэгтэй байжээ. Ийнхүү Гадаад монголыг хятадтай харилцах автономит эрхтэй завсрын бүс болгохоор шийдэж хэрэгжүүлсэн юм. Орос улс XIX зууны дундаас шинжилгээний ангиа монголд илгээж материал цуглуулан, газрын зураг зэрэг хэрэглэгдэхүүн хийж ашиглаж байв. Дээрх газрын зургийг хийхэд оролцсон В.Л.Котвич Сангийн яамны Дорнод хэлтсийн тасгийн эрхлэгч байлаа. Энэ хэлтэс нь Азийн орнуудыг судлан Орос улсын нөлөөг улам бэхжүүлэх зорилготой байв. Мөн Сангийн яамыг Төв, Зүүн Азийг судлах "Оросын хороо"-нд төлөөлж байжээ. Дорно дахины судлаачид, засгийн газрын болон нэртэй хувь хүмүүс оролцож, ивээн тэтгэж байсан тус хороонд И.Я.Коростовец Гадаад явдлын яамыг төлөөлж байжээ. Котвич Азийн хэд хэдэн оронд оросын байгууллага, пүүсийг байгуулахад оролцож байсан тул улс төр, эдийн засгийн асар их өөрчлөлтийн тавцан хятад, монголын байдлыг сайн мэдэж байлаа. Котвич 1912 оны хавар (1912 оны 7 дугаар сарын 14-нд буцах замдаа захиа бичсэнээс үзэхэд) Ж.Цэвээн, К.М.Масков нарын хамт монголын хойд хэсэг, Орхон голын сав нутгаар хээрийн шинжилгээний ажлаар явж, монгол, түрэг хэлний үсэг бичгийн судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Хүрээ, Монголын төв болон баруун аймгуудаар явж байхдаа сүм хийдийн төлөөлөгчид, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэр үеийн монголын амьдрал ахуй, засаг захиргааны байгуулал, нийгмийн харилцааг ул үндэслэлтэй судалжээ. Түүнийг монголд байх үед Оросын Гадаад яаманд монголын талаарх бодлогыг тодорхойлсон уулзалт болжээ. Гадаад монголыг XX зууны эхэн үеэс сонирхох болсон Япон юуны өмнө Өвөр монгол дахь нөлөөний хүрээгээ Оростой дахин баталж авлаа. Япон Орос хоёр 1912 оны 7 дугаар сарын 8-нд нууц конвенци байгуулж, Өвөр монголыг Бээжингийн уртрагаар (Гринвичийн 116 градус 21 минут) хоёр хувааж, түүний дорнод хэсгийг японы, баруун хэсгийг оросын нөлөөний хүрээ гэжээ. Энэ конвенцийн дараа Орос улс, монголын талаар 5 дугаар сард тодорхойлсон зарчмуудаа 8 дугаар сарын 15-нд яамдын сайдууд, II Николай хаанаар хүлээн зөвшөөрүүлээд засгийн газрынхаа бүрэн эрхт төлөөлөгчөөр Коростовецийг Хүрээнд томилов. Коростовец 1912 оны 9 дугаар сард Нийслэл Хүрээнд иржээ. Оросын талаас Коростовец, монголын талаас да лам Цэрэнчимэд толгойлж байсан төлөөлөгчид Монгол хэмээх нэрэнд хамааруулах газар нутаг, статусын талаар маргалдаж, Коростовец хурал хаяж байсан боловч гэрээнд гарын үсэг зуржээ. Коростовец "Гадаад монгол" гэсэн томьёоллоос "Гадаад" гэсэн үгийг хасч, өргөн утгаар ойлгож болох "Монгол" гэсэн үгийг орос эхэд, "Монгол улс" гэсэн томьёоллыг монгол эхэд хэрэглэхийг зөвшөөрөх, "автономия" гэсэн грек гаралтай үгийг монгол эхэд "өөртөө тогтнож", "өөртөө эзэрхэх" ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзах зэрэг буулт хийсэн байна. Ийнхүү хоёрдмол утгатай болсон боловч, Хаант Оростой бие даан гэрээ байгуулсан нь монголын хувьд маш чухал ач холбогдолтой байлаа. 1912 оны 12 дугаар сард хятадын цэрэг Ховд руу дөхөж ирэхэд Орос болон түүний холбоотой Англи, Япон хятадад шахалт үзүүлэн цэргийг нь гэдрэг татуулсан байна. Өвөр монголд түрэмгийлсэн хятад цэрэгтэй Хүрээнээс илгээсэн монгол цэрэг 1913 оны турш өвөр монголчуудтай хүч хавсран амжилттай тулалдаж байсан боловч, Орос улс өвөрмонголоос цэргээ татсан тохиолдолд Монголд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ гэсэн болзол тавьсан тул Хүрээний засгийн газар 1913 оны арван хоёрдугаар сард арга буюу цэргээ эргүүлж татахад хүрчээ.

Хүрээний гэрээнд сэтгэл ханамжгүй байсан монголчууд Оросын засгийн газрын удирдлагатай биечлэн уулзуулахаар Ханддорж тэргүүтэй хоёр дахь төлөөлөгчдөө (1912 оны 12 дугаар сараас 1913 оны 3 дугаар сар) явуулж, Ховдын хязгаарыг Монголд нэгтгэхийг Оросоор зөвшөөрүүлжээ. Мөн Орос улс монголын асуудлаар Хятадтай хэлэлцээ хийж байгааг мэдээд, Богд 1913 оны 5 дугаар сард Коростовецэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Үүний дараахан 1913 оны 6 дугаар сард Коростовец нутаг буцжээ. Ийнхүү Орос, Хятадтай Гадаад монголын хил хязгаар, статусийн талаар тохиролцож байх үед Коростовец монголын газрын зураг хийхэд оролцож байсан байна. Тэрээр монголд хийсэн тэмдэглэл, бусад материалаа ашиглан 1915 онд Санкт-Петербургийн ойролцоох Царское село-д "Монголд 9 сар: дипломат төлөөлөгчийн тэмдэглэл" дурсамжаа бичжээ. Орос хятадын хэлэлцээ үе үе тасалдаж, дахин сэргэсээр жил гаруй болж, 1913 оны 10 дугаар сарын 23-нд (11 дүгээр сарын 5) Бээжин хотноо Орос -Хятадын тунхаглалд гарын үсэг зурж, нот солилцсон байна. Орос улс хятадаар Гадаад монголын автономийг зөвшөөрүүлжээ. Нот бичигт: Гадаад монголын өөрөө засах газрын хязгаарыг зүй нь урьдын Чин улсын Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд, Улиастайн жанжин, жич Ховдын сайдын захирсан хязгаараар хэмжээ болговоос зохимуй. Гагцхүү одоо нарийн нягт газрын зураггүй бөгөөд харьяат олон газрын засгийг явуулах газрын хязгаар хэмжээг бас тодорхойлон хуваагаагүй тул Гадаад монголын зах хязгаарыг лавлан .... хойч өдрөө зөвлөн тогтоовоос зохимуй" гэж заасан байна.
Ийнхүү автономитийн хамрах нутаг нийт "Монгол" биш, зөвхөн Гадаад монгол" болжээ. Энэ нь Гадаад монголын хилийн асуудалд орон бүр өөр өөр саналтай байсныг харуулж байна. Үүний дараахан 1913 оны 11 дүгээр сарын 5-наас 1914 оны 1 дүгээр сарын 5-н хүртэлх хугацаанд Орост очсон Монголын засгийн газрын төлөөлөгч Сайн ноён хан Намнансүрэн тусламж хүсэхийн зэрэгцээ Барга ба Өвөр монголыг оролцуулан Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийг цөхрөлтгүй оролдсон юм. Сайн ноён хан Петербургт сууж байсан хятадын элчинд тусгай нот бичгээр: "... уул эзэн нь болох монголын газар нутгийг уг улсад эзэмшүүлж, хилийг тодорхойлохдоо зах нийлж байгаа бүх монголчуудыг оруулсан тийм хил хязгаараар хүлээн зөвшөөрөхийг шаардах болно" гэж байр сууриа илэрхийлжээ. Сайн ноён хан Намнансүрэн монголыг мэдэх, өөртэй нь болон да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн зэрэг нөлөө бүхий хүмүүстэй бичиг захидлаар харилцаж байсан Котвичийг чин вангийн зэргийн, алтаар хийсэн эрдэнийн Очир одонгоор шагнаж, Монголд санхүүгийн зөвлөхөөр томилуулах саналтай байсан боловч оросууд С.А.Козиныг явуулахаар шийджээ. Котвич 1913 оны гуравдугаар сарын 28-нд монголд хийсэн аяллынхаа тухай Эзэн хааны оросын газар зүйн нийгэмлэгийн хуралдаанд танилцуулсан бөгөөд монголд гурван сар орчим байхдаа хийсэн ажлаа нэгтгэн "Орчин үеийн монголын түүх улс төрийн хураангуй" (Петербург.1914) гэдэг ном бичсэн байна. Хиагт хотод 9 сар гаруй үргэлжилж, 1915 оны зургаадугаар сард дууссан Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Орос Хятадын тунхаглалаар зөвхөн Гадаад монголыг Дундад Иргэн улсын эзэн эрхийн (сюзеренитет) дор орших автономит улс, Орос улсын ивээл хамгааллын (протекторат) нутаг гэж тохирсоноо монголд тулган хүлээлгэсэн юм. Богд хааны засгийн газар "Монгол улс" нэрийг хэрэглэхээс татгалзахад хүрчээ. Өвөр монгол нь хятадын нэг хэсэг болсон байна.

1921 оны хувьсгал ба коминтерн 1911 оны хувьсгалын дараа VIII Богд хаан монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл төрийн далбаа хийх тухай зарлиг гаргажээ. Зарлигаар төр шашныг ариунаар мандуулна гэсэн утгыг илэрхийлэх өнгө, хэлбэр, хэмжээ, бэлгэдлийн зүйлсийг тогтоосон байна. Хааны ордон, төрийн яам зэрэг газрын хийсгэх далбааг гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (1 ам нь 70х70см) босоо гонзгой дөрвөлжин хэлбэртэй шар торгоор хийж, дээд доод болон ишний талыг шар өнгийн хоёрны нэгийн харьцаатай улаан торгоор хөвөөлөхөөр заажээ. Далбааны ишний эсрэг талын гурван улаан хэлний дээд талын хэлэнд "ом", дундахад "Аа", доодод "хум" хэмээх маанийн үсэг, шар дэвсгэр дээр сайн сайхныг бэлгэдсэн мөргөлийн тусгай ном бичих болсон байна. Шар дэвсгэрийн төв дунд гуутай бадмалянхуа цэцэг бүхий "Соёмбо, Э бам" үсэг урлахаар тогтоосон байна. Соёмбо нь эрх чөлөө тусгаар тогтнолын бэлгэдэл, "Э бам" үсэг нь арга билгийг дүрсэлдэг бөгөөд бадмалянхуа нь ариун цэцэг юм. Дээрх зарлигийн дагуу төрийн далбааг бүтээн хэрэглэж байжээ. Далбааны харьцааг алдагдуулахгүйгээр багасгаж хийхийг зөвшөөрсөн бөгөөд Монголын үндэсний түүхийн музейд ийм жижиг далбаа хадгалагдаж байгаагийн нэг нь Цэцэн хан аймгийн Улхан харуулын захирлын далбаа юм. Ийнхүү монголчууд тусгаар тогтнолоо тунхагласнаа туг далбаандаа тусгаж байсан боловч 1915 оны гурван улсын гэрээгээр Гадаад монголыг Хятадын автономит болгосон. Гэтэл 1919 онд хятадын цэрэг автономийг устгалаа. Ийм нөхцөлд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлээ үргэлжлүүлж, амжилт олох арга зам эрэлхийлж байв. Энэ үед байгуулагдсан нууц хоёр бүлэг Сюй Шүжэний хашаанд наалдуулсан бичигтээ " одоо үед иргэнийг засах, олныг амар болгох нь гагцхүү эрдэмтнийг харгалзан хэрэглэхэд сүслэх бөгөөд ер угсааг дагаж, хошууны засаг залгамжлуулахыг нэгмөсөн устгаж, одоогийн эрдэм ухаангүй засгийг халж, дэлхий дахины олон гадаад улсын адилаар сонгож байгуулах засгийг явуулж, бидний ядмаг монголчуудын хэлхээ журмыг илэрхийлж, засаг цаазыг залруулан тохинуулахыг эрмэлзэж" хэмээн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг төр засгийг халах зорилготой холбон тавьжээ.

Хоёр бүлэг 1920 оны YI сард нэгдэн МАН-ыг байгуулахдаа баталсан Тангарагийн бичигтээ 1911 оны адил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олох, юуны өмнө автономийг сэргээх, цаашдаа бүх монгол үндэстний нэгдсэн улс байгуулах зорилт тавьснаас гадна "дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж ядуу доод ардын тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөх" нийгэм улс төрийн ардчилсан үзэл баримтлал дэвшүүлсэн байна. МАН үндэсний эв нэгдлийг чухалчилж, Богд Жавзандамба хутагт болон лам ноёдын бүлэгтэй холбоотой байв. Богд АНУ, Японоос тусламж хүсч тамгатай бичиг илгээхэд хувьсгалчид мөн ЗОУ-аас тусламж гуйх бичигтээ Богдын тамгыг даруулсан байна. МАН-ын төлөөлөгчид Эрхүүд очоод, ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын Дорнод хэлтсийн хүсэлтийн дагуу байгууллагынхаа ойрын ба хэтийн зорилт, түүний дотор нийгмийг өөрчлөх асуудлыг лавшруулан тодорхойлж, намын тамгаа дарсан бичиг өгчээ. Ингээд ЗОУ-аас тусламж авахаар болж, большевик хувьсгалчид ч үзэл бодлоороо нөлөөлж байв. Энэ үеэр Барон Унгерн Монголд нэвтэрсэн нь большевикуудад мөн монголд орох боломж олгосон. Хувьсгалчид 1921 оны III сард зөвлөлгөөн хийж, гадаадын цэргээс газар нутгаа чөлөөлөх хэрэгт эх оронч бүх хүчинтэй нэгдэн монгол үндэстэн бүгдээр нийлж нэг улс болох, засгийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэн авч ардын эрхт сонгуулийг эрхэлсэн гүрэн байгуулбал зохино гэсэн ардчилсан агуулгатай гол чиг баримтлалаа тодорхойлсон. Эдгээр үндэсний ардчилсан зорилтын дор 1921 оны хувьсгал өрнөлөө. МАН ардын журамт цэрэг байгуулж, Оросын улаан цэрэгтэй хамтран хятад, цагаантнаас монгол нутгийг чөлөөлсөн. Ардын журамт цэрэг хувьсгалт ёсны ардын төр байгуулах, улс үндсээ мандуулах, шашин суртлаа бадруулах үзэл санааг илэрхийлсэн монгол үсэгтэй улаан, түвд номын үсэгтэй шар туг мандуулан явжээ. Тусгаар тогтнолын бэлгэдэл соёмбо аль алинд нь байсан улаан, шар хоёр туг хадгалагдан үлдсэн эсэх нь тодорхойгүй байна. Ардын журамт цэргүүд харийн дайсантай тулалдахаар мордохдоо 1911 оны Монгол улсынхаа туг далбаагаа авч явсан байна. Манай музейд хадгалагдаж үлдсэн Сэцэн хан аймгийн Бүгд захирагч даргын туг, ангийн туг зэрэг шар туг далбааг Пунцаг, Бумцэндийн хорооны цэргүүд авч явжээ. Ил хязгаараас нүүн ирж, Монголын хойд хилийн дагуу амьдарч байсан Сумьяа бэйс, Дэмбэрэл нар 1912 онд хятад цэрэгтэй байлдахдаа авч явсан тугаа 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд мөн мандуулж явсан тухай мэдээ байдаг. Коммунизм, шинэ өөрчлөлтүүд, хэлмэгдүүлэлт 1930-аад он 1920-иод оны сүүлчээр ЗХУ-д чинээлэг тариачдын хөрөнгийг хурааж, бүх тариачдыг хамтралд оруулан коммунизмыг байгуулах туршилт явуулсан бөгөөд энэ туршилтаа монголд тулгав. Угсаа гарлаараа тайж язгууртан, хуучин түшмэл болон жирийн чинээлэг хүмүүсийг "ардын дайсан" хэмээн хөрөнгийг нь хурааж, нилээдийг шоронд хийв. Хүн бүрээс "ард уу тайж уу?" гэж асуудаг болсноос ийм үгтэй дуу ч гарчээ. Малчдыг хүчээр хамтралд оруулж, малыг нь нийтийн өмч болгон үрэн таран хийж байлаа. 1929 онд Зөвлөлтийн худалдаанд онцгой эрх олгон, бусад орны болон хувийн худалдааг хориглон, гадаад худалдаанд улсын онц эрх тогтоосноор ертөнцөөс таслагдав.

Монголд таваарын хомсдол үүсч, улс төр эдийн засгийн хямрал нүүрлэлээ. Энэ байдлыг эсэргүүцэж Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дорнод зэрэг аймгуудын 30 мянга гаруй хүн хил даван нүүсэн. Засгийн газар тэдний заримыг буцааж байтал, Увс аймгийн Төгсбуянтын Хүрээнд зэвсэгт бослого гарч, 1931,1932 онд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Өмнөговь аймгуудыг хамран өргөжлөө. Бослогод лам, ноёд төдийгүй энгийн ардууд, албан хаагчид, нам эвлэлийн гишүүд оролцсон. Буу, бороохой, шийдэм барин боссон хүмүүсийн эсрэг Улаанбаатараас байнгын армийн нисэх онгоц, их буу, танк зэргээр зэвсэглэсэн отрядуудыг явуулж дарлаа. Бослогод 325 мянган хүн ам (монголын нийт хүн амын 45%) бүхий 4-н гол аймгийн хүн ард оролцсон байна.
Оросын Коммунист нам, Коминтерн түр ухарлаа!" Улсын Бага Хурлын даргаар А.Амар сонгогдож, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар П.Гэндэн томилогдсон. П.Гэндэн "Баяжигтун" хэмээх лоозон дахин гаргаж ирлээ. 1930-аад оны эхэн үед олон шинэ зүйлийн суурь тавигдсан жилүүд байв. 1933-1934 оноос Оросын тусламжаар Аж үйлдвэрийн комбинат, Хатгалын ноос угаах үйлдвэрийг байгуулж, мал аж ахуйн түүхий эдийг үндэсний үйлдвэрт боловсруулж эхэлсэн. Төв цахилгаан станц, радио, авто өртөө зэрэгтэй ч болжээ. Хөдөө орон нутагт тусгай гэр барьж, малчдад улс орны байдал, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн сурталчилгаа хялбаршуулсан байдлаар хийж байлаа. Анхны цэцэрлэг байгуулагдаж, эмнэлгийн тоо нэмэгдлээ. ЗХУ-ын экспедици хүн малыг эмчилж, урьдчилан сэргийлэх тарилга хийж байв.

Чухам энэ үед эх орон, хувьсгалын сэдэвтэй уран зохиол, театр, кино урлаг хөгжсөн. Үндэсний боловсон хүчин дутагдан бэлтгэж эхэллээ. Улаанбаатар хотод уламжлалт эхнэр хувцас өмсөх нь багасч, хотын албан хаагч, шинэ сэхээтнүүд костюм, бүрх малгай, пальто, савхин гутал зэрэг европ хувцас өмсөн гангарч байв. Улсаас нийт хүн амыг бичиг үсэгт сургах кампанит ажил өрнүүллээ. Бичиг үсэгтэй хүнд хэд хэдэн хүн сургах даалгавар өгч байв. Эртний уламжлалт бичгээ 1931 онд латин үсэгт суурилсан монгол бичгээр солих гээд чадсангүй. Шинээр байгуулагдсан, төлбөргүй бага сургуулийн багш нар малчдыг ятгах, албадах зэргээр хүүхдийг нь цуглуулдаг байв. Сүм хийдэд шавилан суусаар байсан хүүхдүүдийг 1933 оноос гэрт нь буцаах хүртэл арга хэмжээ авчээ.

Монголын Социализмын мухардал ба нийгмийн ардчилсан өөрчлөлт Капитализмыг алгасч, "социализмын" үндсийг байгуулсан нь. 1940-өөд оны сүүлч,1950-аад он Дэлхийн II дайны дараа Европ, Азийн хэд хэдэн орон социализмыг сонгож, олонхи орон колониос ангижирлаа. Социализм дэлхийд ялах нь маргаангүй мэт санагдаж байсан энэ үед Монголд И.В.Сталин, Х.Чойбалсан нарыг тахин шүтэх явдал асар хүчтэй болж байв. Сталины бичсэнийг бурхны ном адил үсэгчлэн цээжлүүлж байлаа.
1950-аад эхээр Сталин, Чойбалсан нар таалал төгссөний дараа нэг хүнийг тахин шүтэх тогтолцоог шүүмжилсэн. Гэвч МАХН-ын дээд удирдлагын эрх мэдэл Чойбалсанг залгамжлагч Ю.Цэдэнбалын үед улам нэмэгдэж, нам төвтэй төрийн тогтолцоо тогтож, захиргаадал газар авав. 1950-1960-аад онд монголчууд шинэ амьдралыг байгуулах урам зориг дүүрэн байлаа. Хийх бүтээх оргилуун сэтгэлтэй сэхээтнүүд улс орны хөгжил, нам засгийн бодлогод шүүмжлэлтэй хандах болов. МАХН-ын удирдлага тэднийг "сэхээтний төөрөгдөл" "намын эсрэг" бүлэг, "үгүйсгэх үзэлтэн", "үндсэрхэх үзэлтэн" гэж нэрлэн, тодорхой ажил, албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, нутаг заан цөлж мөрдөн хавчиж, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн юм. "Намын эсрэг" бүлгийн хань хамсаатныг илрүүлэх ажил 1980-аад он хүртэл үргэлжилсэн.
Дайны дараа Улаанбаатар хотод засаг захиргааны гол барилга, тохилог орон сууц баригдсан. Хятад ажилчид олноор ирж, монгол хятадын харилцаа өргөжив. ЗХУ, Хятад хоёр 1950-аад оны сүүлчээс 1965 он хүртэл өрсөлдөн Монголд мөнгөн санхүүгийн зээл тусламж олгож байлаа. Гэвч 1959 онд БНМАУ-ын нийт экспортын 76 хувь нь ЗСБНХУ-д, Зүүн Европын орнуудад 15,2 нь ноогдож байлаа. 1950-аад оны эцсээр Чехословак, БНАГУ, Болгар, Унгарын тусламжтайгаар гутлын фабрик, том ширний үйлдвэр, гурилын комбинат, ноосон нэхмэлийн болон байшин, фанерийн үйлдвэрийг барьж өргөтгөсөн. Шинээр баригдсан үйлдвэр, албан газар, орон сууцны барилга, цардмал зам гудамж, усан хангамж, ариутгах татуурга, дулаалцуулах байгууламж Улаанбаатар хотыг тохилог болгож байв. Хүрээ хийд, эсгий гэр, шургааган хашаа, мод шавар байшингаас бүрдэж байсан Улаанбаатар 1950-аад оны сүүлчээр шинэчлэгдлээ. Аж үйлдвэр, хот суурин, төмөр зам урлаг уран бүтээлийн сэдэв болов. Гэвч уран зохиолд сайн талын ажилчин, муу талын баян, панзчин хувийн өмчитний дүр бий болгож, хувийн өмчийг жигших өргөн сурталчилгаа явуулав.

1940-өөд онд кирилл үсэгт суурилсан шинэ үсэгт шилжиж, 1956 онд 13-45 насны бүх хүмүүс бичигтэн боллоо. 1956 оноос хүүхдийг 8 наснаас нь сургуульд заавал суралцуулсны дүнд 1960 он гэхэд 8-12 насны бүх хүүхдийг нийтэд нь анхан шатны боловсролтой, хот, аймгийн төвийн хүүхдийг 7 жилийн боловсролтой болгох зорилтыг дэвшүүлэв. БНМАУ-ын нийт хүн амын 82,4 хувь нь бичиг үсэгтэй, зохих боловсролтой болсон тул 1970 онд ЮНЕСКО-гоос Н.Крупскаягийн нэрэмжит олон улсын шагнал олгосон байна. 1950-аад оны "соёлын довтолгоон" хэмээх компанит ажил бичиг үсгийн мэдлэг, ахуйн болон хувийн соёл, ариун цэврийг нэвтрүүлэхэд түлхэц болсон. Эмнэлгийн тусламжийг хөдөөгийн хүн амд ойртуулах их ажил зохиогдлоо. Ялангуяа 1950-аад оны сүүлчээр явуулсан хүн амыг эрүүлжүүлэх болон нийгмийн халдварт өвчний эсрэг экспедици тус улсын хүн амыг эмнэлгийн шинжилгээнд хамруулан эрүүлжүүлэх чухал үр дүн үзүүлэв. Энэ нь1960, 1970-аад онд хүн амын ердийн өсөлт нэмэгдэж, хүн ам зүй, нас хүйсний харьцаанд зохистой өөрчлөлт гарахад маш их нөлөөлсөн. Хөгжим, театр, кино, цирк, музей, номын сан хөгжиж байв.
1954 онд МАХН, тус орон капиталист биш замаар хөгжиж, социализмын үндсийг байгуулж байгаа бөгөөд байгуулж дуусгахын тулд хувийн өмчийг нийгэмчлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн. Эдийн засаг, үзэл санааны дарамт шахалтыг захиргааны албадах аргатай хослон хэрэглэж, 1957- 1959 оны хугацаанд малчдыг нийтэд нь нэгдэлд элсүүллээ. Малчид ахиухан хөлстэй ажил, аятай ахуйн нөхцөл хайж, хот суурин газар бараадах явдал эрс нэмэгдэж, хотын хүн ам түргэн өсөв. Нийгмийн "социалист" өмч бий болгох ажил үргэлжилж, худалдаа бэлтгэлийн хоршооны өмчийг улсад хураан авлаа. Хувийн худалдаа, гар урлал, ахуйн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийг гар үйлдвэрийн хоршоололд албадан оруулснаар хувийн өмчийг үгүй хийлээ. Гэвч үйлдвэрлэл үйлчилгээний хоршооллыг 1972 онд татан буулгаж, хөрөнгийг нь улсын болгосон юм.

1950-аад оны сүүлчээр хийгдсэн бас нэг том өөрчлөлт нь сангийн аж ахуй олноор байгуулж, атар газрыг хагалсан явдал юм. Газар хөндөхийг цээрлэдэг байсан монгол хүн их өөрчлөгдсөн байлаа. Ийнхүү хувийн өмчийг устгаж, социализмд үндсэндээ шилжив. Социалист Монгол. 1960 - 1980-аад оны сүүлч БНМАУ, марксист-ленинист онолоор зэвсэглэсэн МАХН-ын удирдлагаар социализмын материал техникийн баазыг цогцлон байгуулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болон коммунизмд орохоор довтоллоо.
1961 онд НҮБ-ын гишүүн, 1962 онд ЭЗХТЗ-ийн гишүүн болов. Их Британи, Финланд, Франц зэрэг өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоов. Намын удирдлагын нэг байсан Д.Төмөр-Очир 1962 онд Чингис хааны төрсний 800 жилийн ойгоор төрсөн нутагт нь хөшөө босгох, шуудангийн цуврал марк гаргах зэргээр тэмдэглэх ажлыг зохион байгуулж байв. МАХН үндэсний үзлийн сэргэлтээс болгоомжилж, Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь зайлуулж нутаг заан хөдөө цөлөв. Намын дотор цэвэрлэгээ явагдаж, санасан бодсоноо ил хэлэх хүнгүй болж, бүхнийг сайн сайхнаар сурталчилж байв. Та социализмын үеийн монголд "Нам бол манай үеийн нэр төр нандин чанар" гэдэг лоозон хаа сайгүй харах байлаа. "Социалист ёсоор ажиллаж, сурч, амьдрах" гэсэн уриан дор хүн бүр төлөвлөгөө биелүүлэхийн төлөө социалист уралдаанд хамрагдаж, хэлбэрдэх, лоозогнох, сүржин рапортаар бие биенээ хуурах ажил газар авах болов. Хятадад соёлын хувьсгал гарч, ЗХУ, Хятадын харилцаа хурцадлаа. Монгол ч бас Хятадтай муудалцав. Хятад ажилчид Монголоос гарч, оронд нь орос цэрэг ирлээ. Монгол улсын нийгэм эдийн засгийн бүтцэд гадны нөлөө улам өсөв. ЗХУ юм бүхний загвар болж, зөвлөлт ах нар зааж байв. ЗХУ, монголын худалдааны харилцаа өсч, зөвлөлтийн зээл тусламжаар шинэ үйлдвэр орон сууцны хорооллууд баригдсан.

1960-аад оны сүүлчээс социалист орнуудын тусламжаар аж үйлдвэрийн шинэ төвүүд Дархан, Эрдэнэт, Багануур хот баригдаж, хөнгөн хүнс, эрчим хүч, уул уурхайн шинэ салбарууд ашиглалтад орлоо. 1980 онд Эрдэнэтийн зэс молибдений том үйлдвэр ашиглалтад орсон нь өнөө хир чухал үүрэгтэй байна. Агаарын тээвэр, орчин цагийн холбоотой болсон. Үндэсний болон зөвлөлтийн телевизээс барууны орны тухай шүүгдэн нэвтэрч ирсэн зарим нэг мэдээлэл авч байв. Зүүн Европын орнуудад сурч байсан монголын хэдэн мянган оюутан барууны орны тухай мэдэх илүү бололцоотой байв. Залуучууд "Битлз" хамтлагийг дууриан үсээ урт ургуулж, твист бүжиг бүжиглэн, шуумгаараа өргөн өмд өмсөж, багш нартаа зэмлүүлэн, хурлаар орж байлаа. Бүр 1930-1940-өөд оноос эхлэн орчуулагдах болсон, өрнөдийн зарим зохиолыг монгол уншигчид уншсаар байв. Харин сонин хэвлэлээс америкийн империализмын түрэмгийллийн тухай, хаа хол санагдах 2000 онд манай орон ямар сайхан болох тухай уншиж байлаа.

Нэгдлийн гишүүн малчны аминдаа үлдээх малын тоог улсаас хязгаарласан. Таван хошуу малаа хариулдаг уламжлалт хот айлыг өөрчлөн малыг төрөл төрлөөр, эх мал төлийг ялган олноор нь суурьт (нэгдлийн нэгж) хариуцуулах болсон. Хашаа, худаг олноор барьж, малчдыг суурьшуулах их ажил өрнөлөө. Нэгдлийн төв, суурь, ферм соёл ахуйн үйлчилгээний төв байлаа. Нэгдэлчдэд бүтээгдэхүүний норм тогтоон түүгээр нь цалинжуулдаг байв. Нийт хүн амын дотор ажилчин албан хаагчдын эзлэх хувь 1963 онд 46,5 хувь байсан бол 1985 онд 65,1 хувь болж өссөн байхад малчид гар урчуудын эзлэх хувь дурдсан онуудад 53,3 хувиас 34,9 хувь болж буурсан байна.
Айлууд олон хүүхэдтэй болж, монголын хүн амын тоо 1988 онд 1918 оныхоос 4 дахин өсч 2 саяд хүрэв. Хүн амын дундаж наслалт 1960-аад онд 46,7 байснаа 1990 онд 62,5 болж өссөн байна. Насанд хүрсэн бичиг үсэгтэн нийт хүн амын 95% -ийг эзлэх болов. Ийнхүү нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүд өссөн нь 1990 оны өмнөх нийгмийн тогтолцооны хамгийн чухал ололт юм. Дээр дурьдсан ололт амжилтын ихэнх нь 1990 оны өмнөх үед гадаадаас ихээхэн хэмжээний зээл тусламж олгож, монголын бүтээгдэхүүнийг ЭЗХТЗ-ийн орнуудад хөнгөлөлттэй экспортолж байсантай шууд холбоотой билээ.

Монгол хүн шинжлэх ухааны төрөл бүрийн салбарт ажиллан шинэ санаа нээлт дэвшүүлж, сансарт нисч, нарийн мэс засал хийж, дэлхийн сонгодог хөгжим, дуурь, балет, драм, уран зохиолыг үндэснийхээ театрт чадварлаг тоглож, үндэсний соёлоо баяжуулж байлаа. Монголын тамирчид өвөл зуны олимпийн тоглолт, дэлхийн аваргын тэмцээнээс удаа дараа медаль авч байв. Монголд оюун соёлын салбарт мэдэгдэхүйц амжилт олсоор ирсэн ч үндэсний түүх соёлын асар их өв сангаа огоорох, үгүйсгэх мэтийн эерэг, сөргийн шүтэлцээнд оршиж байлаа. Монгол орон нэг орны хараат болж, нийгэм-эдийн засаг хямарлаа. Эдийн засгийн бүтэц хэт өрөөсгөл, дэд бүтэц хөгжөөгүй байв. ЗХУ болон Европын социалист орнуудын зээл тусламжид шүтэн бэлэнчлэх сэтгэлгээ хүчтэй болсоор байв. Өмч эзэнгүйдэж, хоцрогдсон техниктэй үр ашиг муутай үрэлгэн том үйлдвэрүүд байгалийг сүйтгэж, түүхий эдийг цөлмөн хоосолж байлаа.
1960 оноос хойших хугацаанд нэг төгрөгийн үндэсний орлого үйлдвэрлэхэд гарах материаллаг зардал 1,7 дахин өсч, фонд өгөөмж 3 дахин буурчээ. Төсвийн алдагдал 20 гаруй хувьд хүрч, улс орны өр зээл олон тэрбум шилжих рубль болжээ. Үүний 80 хувь нь 1975 оноос хойш авсан зээл байв.

Ардчилсан Монгол улс. 1990-ээд оноос эдүгээ хүртэл.
1980-аад оны сүүлчээр санаанд оромгүй юм боллоо. 1980-аад оны хоёрдугаар хагас гэхэд ЗСБНХУ болон социалист бусад орнуудад хямралт байдал улам бүр ил болж байв. ЗХУКН-ын 1985 оны IҮ бүгд хурал дээр М.С.Горбачёв социалист нийгмийг өөрчлөн шинэчлэх зорилт дэвшүүлсэн. Энэ нь дэлхий дахинд "Өөрчлөн байгуулалт" (перестройка), "Ил тод байдал" (гласность) хэмээн нэрлэгдсэн юм. 1989 онд Польшид коммунист нам ялагдаж, социалист бусад орнуудад ч ардчилсан хувьсгал гарч, хоёр Герман нэгдэн, ЗХУ 1991 онд задран тусгаар улсууд үүслээ. Дэлхийн энэ хандлагыг монголчууд мэдэрч, бөхөөгүй байсан үндэсний ухамсар нь сэргэлээ. Улс төрийн бүлгэм, клуб, эвсэлд нэгдэн улс орны байдлыг шүүн хэлэлцэх, нийгмийн шударга ёс, ардчиллыг тогтоохыг уриалсан ухуулах хуудас хотын гудамжинд наах зэрэг үйл ажиллагаа явуулж байсан залуучууд, Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуус Монголын ардчилсан холбоо (МоАХ) гэдэг шинэ байгууллагыг байгууллаа.

1989 оны XII сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдөр Улаанбаатар хот дахь Залуучуудын Соёлын Төв ордны зүүн талбайд МоАХ 200 орчим хүн оролцсон улс төрийн анхны цуглаан зохион байгуулж, МоАХ байгуулснаа албан ёсоор зарласан. Цуглаан "Хонхны дуу" гэдэг дуугаар эхэлж ...Хэлэх үгийг минь боогдуулж Харах нүдийг минь халхална Аз болж хонх дуугарлаа Арай ядан нойрноос сэрлээ Хонхны дуу биднийг сэрээ! Хонхны дуу биднийг сэрээнэ! гэж гар гараасаа барилцан дуулцгааж, улс орноо гэсэн нийтлэг нэгэн үйлсийн төлөө дуудлаа. МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын багш, аспирант С.Зориг сонгогдсон. Цуглаанд оролцогчид "Олон намын систем хэрэгтэй", "Хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэе" гэх зэрэг уриа лоозон барьсан байв. Цуглаанд оролцогчид 13 заалт бүхий Өргөн барих бичгийг МАХН-ын Төв Хорооны YIII Бүгд Хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын ҮIII чуулганд илгээв. Нэг намын дарангуйллыг халж, олон намын тогтолцоо байгуулах, хүний эрхийг дээдлэх, АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентын хэлбэрт оруулах, сонгуулийн системийг шинэчлэн АИХ-ын депутатын сонгуулийг 1990 оны эхний хагаст багтаан явуулах, социалист зах зээлийн концепцийг боловсруулах, банкны системийг өөрчлөх, хэвлэлийн эрх чөлөөг хуулийн баталгаатай болгох, тусгай хангамжийг устгах, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын тойрон хүрээлэгчдийг ард түмнээр хэлэлцүүлэх, хэлмэгдэгчдийн хохирлыг нөхөн олгох, социалист хөгжлийн түүхийг шинээр дүгнэх зэрэг шаардлага тавьжээ. Үйл явц нүд ирмэхийн зуур өрнөж, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, МоАН, МСДН, МҮДН, ЧХН, МНН зэрэг эвсэл холбоод, нам ар араасаа байгуулагдан, жагсаал цуглаан улс төрийн суулт хэдэн арван мянган хүнийг хамарч байлаа. 1990 оны III сарын 4-нд Лениний музейн өмнөх талбайд МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ноос хамтран зохион байгуулсан 5 дахь цуглаанд 90 мянга орчим хүн оролцлоо. Цуглаанаас дөрвөн хүчний хамтарсан мэдэгдэл гаргав. Энэ мэдэгдэл нь
1-д, МАХН-ын онц их хурлыг 1990 оны III сард зарлан хуралдуулж МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах,
2-д, Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын Түр Хурлыг мөн III сард багтаан байгуулах шаардлагыг тавьжээ. Засгийн газар мэдэгдэлд заасны дагуу хариу өгөөгүй учир ардчилсан хүчин 1990 оны 3-р сарын 7-нд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Хүйтэн байсан хэдий ч шөнө дунд хүртэл дэмжсэн, гайхсан, эргэлзсэн, түгшсэн хүмүүс цугларч, халуун маргаан тасрахгүй байв. Ардчилсан хүчин, МАХН-ын удирдлагын "дугуй ширээний" уулзалт хэлэлцээрийн дүнд дээрх шаардлагыг биелүүлэх тухай Хамтарсан Тунхаглал гаргаснаар III сарын 9-нд улс төрийн өлсгөлөн зогслоо.

1990 оны хавар Монгол орон улс төрөөр амьсгалж, жагсаал цуглаан хурал суулт үргэлжлэн, хүмүүс нам хөдөлгөөнүүдийн сонинг алгасахгүй уншицгааж байв. ҮII сард болсон анхны ардчилсан сонгууль монголчуудын улс төрийн идэвхийг харууллаа. Сонгуулийн үр дүнд МАХН эрх баригч нам болсон боловч Засгийн газрын бүрэлдэхүүнд МҮДН-ын Д.Ганболд, МоАН-ын Дорлигжав нар орсон. Монгол улсын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдлоо. 1990-1992 онд монголын парламент Ардын Их Хурал, Улсын Бага Хурал (УБХ) гэсэн хоёр танхимтай байв. УБХ, Ерөнхийлөгчөөр ахлуулсан Шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комисс томилогдож, Үндсэн хуулийн төслийг боловсруулав. Үндсэн хуулийг 400 гаруй депутат 2 сар гаруй хэлэлцсэний дүнд 1992 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж, төрийн шинэ тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, ардчилсан хөгжлийн хууль зүйн үндсийг тодорхойллоо. 1924 оноос БНМАУ гэх болсон улсынхаа нэрийг Монгол улс хэмээн өөрчлөв. Парламентийн Бүгд найрамдах улсын хэлбэрийг сонгож, Монголын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгыг тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг дээдэллээ. Үндсэн хуулиар Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын нэг бэлгэ тэмдэг Төрийн далбааг "Монгол улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна" гэж заасан байна. Төрийн далбааны үндсэн хэв маяг хэвээр үлдэж, хувьсгалын утгатай таван хошуу хасагджээ.

Ардчиллын эхний жилүүдэд зөвлөлтийн худалдаа, тусламж гэнэт зогссоноос үйлдвэрүүд хаагдаж дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл огцом унаж, дэлгүүрийн лангуу хоосрон, талх, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний наад захын бараанд картын систем тогтоов. "Битгий захиргаадаад бай" гэдэг үг түгээмэл болж, ардчилал уу, анархизм уу гэдэг асуулт тавигдав. Нийгмийн үйлчилгээ доройтож, улсын үйлдвэрүүд хаагдсаны улмаас ажилгүйдэл ядуурал өсч, хүн амын амьдралын баталгаа алдагдахад хүрсэн юм. Олон хүн ганзагын наймаанд явж, сургууль завсардалт газар авч, тэнэмэл хүүхдүүд олширлоо. Анхан шатны сургуульд хамрагдалтын хувь 1989-1993 онд буурсан боловч 1997 онд өсөв. Бичиг үсэг тайлагдалт 1998 оны байдлаар 87% орчим болжээ. Хүн амын өсөлт буурч, эмнэлэг боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг бэрхшээлд оров. Эдийн засгийн огцом уналт, инфляци, ажилгүйдэл, гадаад өр, ядуурал нийгмийн бухимдал бий болгов. МАХН болон улс төрийн шинэ хүчин засгийн эрхэнд ээлжлэн гарч, засгийн газар байгуулан хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. 1996 оны сонгуулиар УИХ-ын 76 суудлын 50-ийг "Ардчилсан холбоо эвсэл", 25-ийг нь МАХН, 1 суудлыг МУНН авсан. 2000 оны сонгуульд МАХН парламентын 76 суудлын 72-ыг авч үнэмлэхүй олонхи боллоо. Монгол улсад өнөөдөр улсын бүртгэлтэй 20 гаруй нам, 1000 гаруй төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Олон намууд нэгдэж задрах үйл явц үргэлжилсээр байна. 2000 оны XII сарын 6-нд МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН нэгдэж, Ардчилсан нам байгууллаа. 2002 оны III сарын 22-нд Иргэний Зориг, Бүгд Найрамдах Нам нэгдлээ. Төрийн бус байгууллагууд ардчилсан үйл явцыг эрчимжүүлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх, улс төрийн боловсрол, идэвхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ардчилсан хувьсгалаас хойших арван жилийн хугацаанд монголчууд үндэсний уламжлалаа нийт хүн төрөлхтний соёл иргэншлийн ололттой уялдуулан улс орноо эрин зууны дэвшилд оруулах зорилт нэгтгэж байна.

Ганц орны хараат байдлаас гарч, нээлттэй олон тулгуурт гадаад бодлого явуулах боллоо. Улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн хэдэн мянган хүмүүсийг цагаатгаж, төрөөс нөхөх олговор олгож, орон байртай болгож байна. Мөн нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон, эмзэг хэсгийг тэтгэх систем бий болголоо. Өөрийгөө тэтгэх чадамжтай нийгэм экологийн болон экспортын баримжаатай нээлттэй, оновчтой бүтэцтэй эдийн засаг бүрдүүлэх зорилго тавигдсан. Тус улсын харьяат хүн бүрт олгосон хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр төрийн өмчийг хувьчлах ажил өрнөж, үнэт цаасны зах зээл бий болов. Улсын үйлдвэрийн ихэнхийг хувьчилж, малыг малчдад өгсний дүнд хувийн өмч давамгайллаа. Өмч хөрөнгөтэй байх нийгмийн сэтгэл зүй төлөвшиж байна. 1993 оны намраас хүнсний барааны картын системийг халж, жижиглэн худалдааны хүрээнд чөлөөт үнийн тогтолцоо бий болгожээ. Гадаад худалдаа либеральчлагдаж, аж ахуйн нэгжүүд бие дааж гадаад эдийн засгийн харилцаанд орж эхэллээ. Үнэ тариф, гадаад валютын ханш чөлөөлөгдөж, эдийн засаг Оросын Холбооны улсаас хамаарах нь багасч, Хятадын нөлөө өсч байгаа ч глобал эдийн засагт холбогдож, Монгол улсын гадаад худалдаанд Европ, АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудын эзлэх байр өсөх хандлагатай болж байна. Гаднаас хүнс бараа оруулж, алт, мөнгө, зэс, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулж байна. Дэлхийн валют санхүүгийн байгууллага, "Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг" зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах боллоо. АНУ, Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд монголын ардчиллыг дэмжиж, туслалцаа үзүүлж байна. Олон ургальч үзэл дэлгэрч, үндэсний соёлын ололтоо судлах болов. Иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө бодитой хэрэгжиж, шашны олон урсгалын сүм ажиллаж байна. 
Сэтгэгдэл:


hi
vneheer gaihaltai.Amjilt husiy тэврэлт тэврэлт алга ташилт
Бичсэн: Бямка цаг: 13:16, 2011-11-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax